Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн үйл ажиллагааны хэлбэр агуулга
“Маркетинг” гэдэг нэр томъёо нь анх XIX, XX зууны зааг дээр Америкийн хэвлэлүүдэд гарч эхэлжээ. “Market” (зах зээл) гэсэн англи үгний язгуур дээр “Маркетинг” гэсэн нэр томъёо үүсчээ. Маркетинг хэмээх тодорхойлолтыг Америк, Англи зэрэг оронд тал бүрээс нь нилээд олон янзаар тодорхойлж иржээ. Түрүү  үеийн тодорхойлолт нь гол төлөв бараа, борлуулалтын үйл ажиллагааны хүрээнд чиглэгдэж байсан байна.
Америкийн Маркетингийн нийгэмлэгийн тодорхойлсоноор "Yйлдвэрлэгчээс завсарын болон эцсийн хэрэглэгч хүртэлх бараа, үйлчилгээний чиглэлтэй урсгал, аж ахуйн үйл ажиллагааны олон талын үйл хэргийг маркетинг хэлнэ" гэж 1960-аад онд үзэж байжээ. Энд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ нь эрэлт, хэрэгцээг хэрхэн баримталдаг тухай асуудал болон зах зээлийн харилцааг зохицуулах маркетингийн удирдлагын үйл ажиллагаа, үзэл баримтлал, тодорхойлолт, хяналт зэрэг олон асуудлыг гаргаж тавиагүй байна. Өнөө үеийн үйл явцаас үзэхэд, маркетинг бол зөвхөн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааны хүрээний асуудал биш юм.
1980-аад он хүртлэх үеийн Маркетингийн тухай томъёолол, тодорхойлолтуудыг үзэхэд, гол төлөв барааны хөдөлгөөн, борлуулалтын сувгийг гол болгон томъёолоод хэрэгцээгээр баримжаалж, эрэлтэнд зохицсон үйлдвэрлэл, борлуулалт явуулах үйл явцыг бага тусгасан байх юм.
Английн маркетинг ба борлуулалтын удирдлагын институтын тодорхойлолтоор маркетинг бол "Хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэл, худалдааг өргөтгөх замаар хэрэглэгчдийн эрэлтийг илрүүлэх, судалгаа хийх, түүнийг боловсруулах зэрэг асуудлыг зохион байгуулах удирдлагын үйл ажиллагааны нэг бүтээлч арга юм. Маркетинг нь үйлдвэрлэлийн боломжийг бараа борлуулах, үйлчилгээ явуулах боломжтой уялдуулан чанартай барааг эцсийн хэрэглэгчдэд хүргэсний үр дүнд их ашиг олохын төлөө бүх ажил үйлсээ чиглүүлэх үйл ажиллагаа юм." гэж тодорхойлжээ.
Маркетингийн үйл ажиллагаа нь арилжаа солилцоогоор дамжуулан хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэгдсэн хүний үйл ажиллагааны хэлбэр юм.
Маркетингийн үйл ажиллагаанд дараахи үндсэн ойлголтууд багтана. Yүнд:
           1.    Хүсэл шаардлага
           2.    Хэрэгцээ
           3.    Эрэлт
           4.    Бараа
           5.    Солилцоо
           6.    Хэлцэл
           7.    Зах зээл

1.    Хүсэл шаардлага - маркетингийн үндсэн дээр үүссэн анхдагч санааг хэлнэ. Хүнд аливаа зүйл хэрэгтэй болох нь мэдрэгдэж санаанд буухыг хүсэл шаардлага гэнэ. Хүний хүсэл шаардлага олон янз. Жишээ нь: Физиологийн шаардлага: хоол хүнс, хувцас, орон сууц, аюулгүй байх, нийгмийн шаардлагад: мэдлэгтэй болох, мэргэжил эзэмших, түүнийг ашиглаж амьдралаа дээшлүүлэх, хүмүүст тусах гэх мэт орно.

2.    Хэрэгцээ. Хувь хүний зан чанар, соёлын түвшингээр тодорхойлогдох хүсэл шаардлагын онцгой хэлбэр. Хэрэгцээ нь тухайн нийгмийн хөгжил, соёлын түвшинтэй уялдаж илэрдэг. Нийгэм хөгжвөл хэрэгцээ өснө, Хэрэгцээ хязгааргүй, нөөц хязгаартай байдаг.

3.    Эрэлт. Төлбөрийн чадвартай хэрэгцээг эрэлт гэнэ. Маркетингийн зорилгыг тодорхойлоход эрэлтийг харгалзана. Эрэлт дараахи хэлбэртэй байна.

4.    Бараа ~ Дээрх хүсэл сонирхол, хэрэгцээ, эрэлт нь барааг буй болгодог. Хүний хүсэл шаардлага, эрэлт хэрэгцээг хангах зах зээлд нийлүүлж байгаа бүх зүйлс бараа болно. Хүсэл, хэрэгцээг хангах бүх төрлийн барааг барааны нэр төрлийн бүрдэл гэдэг. Барааг хэрэгцээ хангах байдлаар нь гурав хуваадаг.
          a.    Хэрэгцээ хангаагүй
          b.    Хэрэгцээ хэсэгчлэн хангагдсан
          c.    Хэрэгцээ бүрэн хангагдсан

5.    Солилцоо. Хүссэн зүйлээ юугаар ч хамаагүй сольж авах үйл ажиллагааг солилцоо гэнэ. Хүмүүс хүссэн зүйлээ сольж авах дөрвөн арга хэрэглэнэ. Yүнд:
        •    Өөрийгөө өөрөө хангах (загас барих, ан хийх, жимс түүх, мал маллах гэх мэт)
        •    Бусдаас хүчээр булаах
        •    Гуйх
        •    Солилцох. Энэ дөрвөн аргаас солилцоо нь зах зээлийн харилцааны өргөн хүрээ юм. Солилцоо нь маркетингийн үндсэн ухагдахуун мөн.
Солилцоо байхын тулд таван нөхцлийг хангана, Yүнд:
        1-рт.    Солилцоонд хоёроос дээш хүн оролцох
        2-рт.    Оролцогч бүр хоёр талдаа ашигтай санал тавих
        3-рт.    Оролцогчид бараагаа хүргэх зам харилцааны асуудлыг шийдэх чадвартай байх
        4-рт.    Оролцогчид бие биенийхээ саналыг хүлээн авах, татгалзах чөлөөт эрх эдлэх
      5-рт.    Оролцогчид бусад талуудын зорилго, чиглэл, хүсэл сонирхолд итгэлтэй байх. Эцэст нь оролцогч бүх талд ашигтай үед солилцоо хэрэгжинэ.

6.    Хэлцэл нь маркетингийн хүрээнд явагдах ухагдахуун. Хоёр хэрэглэгчийн хоорондын харилцаанд хэлцлийг хэрэглэнэ. Хэлцэлд урьдчилсан нөхцөл бүрдсэн байна. Yүнд:
        1.    Солилцож болох үнэ бүхий зүйл байх
        2.    Хоёр тал тодорхой нөхцлөөр тохирч амлалтаа биелүүлэх
        3.    Хэлцэл тохирсон хугацаатай байх
        4.    Тодорхой байранд худалдаа явагдах
Хэлцлийн тодорхой хэлбэр нь гэрээ байдаг. Хэлцлийн гэрээг олон улсын болон монгол улсын хууль тогтоомжийн дагуу хийж баталгаажуулна. Гэрээ хийгдсэн үеэс хэлцэл хуулийн дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

7.    Зах зээл - гэдэг нь барааг худалдан авах болон төлбөрийн чадвартай хэрэглэгчдийн нийлбэр цогцос юм. Зах зээл нь зөвхөн эд хөрөнгийн арилжаа солилцоогоор хязгаарлагдахгүй нийгмийн харилцаанд оролцогч бүх талын оролцогчдыг хамааруулах өргөн ойлголт. Зах зээл нь дотроо олон хэлбэртэй, Зөвхөн хөдөлмөрийн зах зээл гэхэд ажиллах хүчний нөөцөө цалин юмуу бараагаар үнэлэн солилцохыг хүссэн хүмүүсээс бүрддэг брл мөнгөний зах зээл нь хадгаламжийн баталгааг хангах, мөнгө хуримтлуулах, хүүтэй зээл олгох, валют мөнгөний чөлөөт солилцоог дэмжих зэрэг асуудлууд багтдаг. Ийм байдлаар зах зээл нь хүний хэрэгцээт бүх зүйлсийн үйлчилгээний уулзвар болдгоороо хүмүүсийн харилцаанд өргөн үйлчилгээ үзүүлдэг юм.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats